Open iToim app
Улс төр | 5 мин уншина

Ж.Ганбат: 'Эрдэнэс Тавантолгой' энэ онд 430 сая долларын өрийг нүүрсээр, 420 тэрбум төгрөгийн бондын өр төлнө

Ж.Ганбат: 'Эрдэнэс Тавантолгой' энэ онд 430 сая долларын өрийг нүүрсээр, 420 тэрбум төгрөгийн бондын өр төлнө
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 13
“Эрдэнэс Тавантолгой”-н бүрэн эрхт төлөөлөгч Э.Ганбаттай ярилцлаа.
-Тавантолгойн нүүрсийг биржээр худалдаалж эхэлнэ. Бэлтгэл ажлыг хангаж дууссан уу. Хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгнө үү?
-Уул уурхайн сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаад экспортод гаргах нүүрсийг Хөрөнгийн биржээр арилжаалах ажлыг эхлүүлэх гэж байна. Ирэх сард эхлүүлнэ.
“Эрдэнэc Тавантолгой” компани 2011 оноос борлуулалтаа эхлээд 12 жилийн хугацаанд ам нөхцөлөөр нүүрсээ зарж ирсэн. Ам нөхцөл гэдэг нь худалдан авагч уурхай дээрээс ирж нүүрсээ ачаад явна гэсэн үг. Тэгэхэр худалдан авагч тээврээ хариуцна. Ингэж нүүрсээ хямдаар зарж байсан. Би нэг тооцоо хийлгэхэд манай улс 2011 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд хил нөхцөлөөр нүүрсээ зарсан бол 4 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж байж. Өөрөөр хэлбэл, энэ боломжийг бид алдсан. Засгийн газрын тогтоолоор нүүрсээ хил нөхцөлөөр, биржээр зар гэдэг үүрэг өгсөн. Энэ хүрээнд “Эрдэнэс Тавантолгой” компани бэлтгэл ажлаа хангаад явж байна. Хил нөхцөлөөр зарна гэдэг манай компани тээврээ хариуцна гэсэн үг. Хил дээр нүүрсээ тээвэрлэж аваачиж өгнө. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани нүүрснийхээ тээврийн тендерийг Төрийн худалдан авах агентлагт захиалга өгөөд зарлуулсан. Нэгдүгээр сарын 17,18-нд тендерээ нээгээд үнэлнэ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэс Тавантолгой” 2023 онд олборлох нүүрсээ хил нөхцөлөөр зарахтай холбоотойгоор тээврийнхээ тендерийг зарласан гэсэн үг.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэс Тавантолгой” компани ам нөхцөлөөр коксжих нүүрсийг 109, эрчим хүчний нүүрсийг 37 ам.доллароор зарж байна. Хил нөхцөлөөр коксжих нүүрсийг 170 болон түүнээс дээш, магадгүй хоёр дахин өндөр үнээр зарах боломжтой. Эрчим хүчний нүүрсийг ч ялгаагүй. Гэхдээ бид тээврээ хариуцна гэж дээр хэлсэн. Өмнө нь худалдан авагчид тээврээ хариуцдаг байсан учраас тээврийн компанийн ашиг орлого дандаа Монгол Улсын хилийн гадна үлдээд байсан. Одоо бол үндэсний тээврийн компаниудаа оролцуулаад ажиллаад явна.
-“Эрдэнэс Тавантолгой” 4680 С зөвшөөрөл олгоно гэсэн. Гэтэл одоо 10000 гаруй компани хүсэлтээ ирүүлсэн юм байна. Бусад компаниуд нь яах вэ?
-Засгийн газар С зөвшөөрлийг Авто тээврийн үндэсний төв биш Уул уурхайн компаниуд өөрсдөө олгох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” өнгөрсөн даваа гаригт нээлттэй зарлаад вэб сайт дээрээ байршуулсан. Авто тээврийн үндэсний төв, хилийн боомтын сэргэлтийн үндэсний хороонд хүсэлтээ ирүүлсэн 10000 гаруй аж ахуйн нэгж байгаа юм байна. Үүнээс шаардлага хангаж байгаа нь 7800 байна. 7800 компаниас “Эрдэнэс Тавантолгой” 60 хувьд нь С зөвшөөрөл олгоно. Богино, уртын тээвэр гэж хоёр янзын тендер зарласан. Богинын тээвэрт шалгарсан компаниудад С зөвшөөрлийг нь дахиад олгоно. С зөвшөөрөл авч чадаагүй компаниуд яах вэ гэдэг “Эрдэнэс Тавантолгой”-н компанийн асуудал биш. Бид өөрсдийнхөө хэрэгцээнд таарсан сонгон шалгаруулалт зарлаж байгаа. Энэ онд манай компани 23 сая тонн нүүрс экспортод гаргана гэж тооцсон. Үүндээ таарсан тээврийн тендерээ зарлана.
-Жилд ганцхан удаа тээврийн тендер зарлах юм уу?
-Тийм ээ, нэг удаа зарлаад ерөнхий гэрээний нөхцөлөөр явна.
-Бөмбөлгийн зохион байгуулалтад оруулж тээвэр хийнэ гэсэн учраас тээвэрчид хөрөнгө оруулалт хийж, бөмбөлөг үүсгээд явсан. Гэтэл одоо тендерээр тээврийн компаниа сонгохоор их машинтай компани л тендерт шалгарна. Жижиг компаниуд цөөн машинтай, хямдаар тээвэр хийх боломжгүй гэж мэдээлэл хийсэн. Тээвэрчдийг хохироохгүй байх ямар арга замыг хайж байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн зүгээс тээвэрчидтэй олон уулзсан. Өнөөдөр хүртэл тээврийн компаниудад сургалт хийж байна. Үндэсний тээвэрчдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс “Эрдэнэс Тавантолгой” компани тээврээ багцалж зарлаж байна. 21, 50, 100 авто машинтай гэх мэт. Бид аль болон олон машин биш, тодорхой машин нь өөрийн эзэмшлийн биш байж болно, компаниуд нэгдээд зохион байгуулалт орж болно гэх мэт нээлттэй хийсэн. Мөн БНХАУ нэгдүгээр сарын 8-аас ковидын дэглэмээ сулруулсан. Үүнтэй холбоотойгоор нөхцөлүүд өөр болно.
Нөгөө талдаа “Эрдэнэс Тавантолгой” тендер зарлахдаа дээд жишиг үнээ тавиад түүнээс доошоо бага үнийн санал өгсөн аж ахуйн нэгжийг сонгоно. Аль болох л бид дотоодын аж ахуйн нэгжээ дэмжсэн бодлого барина. Аравдугаар сарын 26-нд “Эрдэнэс Тавантолгой” компани дээр онцгой дэглэм тогтоогоод бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Ингэхэд дунджаар өдөрт 200 тээврийн хэрэгсэл уртын тээвэрт явж байсныг дөрөв дахин нэмэгдүүлсэн. Одоо өдөрт тогтмол 800 машин тээвэр хийж байна. Энэ хэмжээгээр монгол тээврийн компаниуд ажилтай байна.
Хятадын тээврийн компаниуд орж ирээд хэт доогуур үнэ санал болгож магадгүй гэдгийг бид бодолцож байгаа. Зам тээврийн сайдын баталсан жишиг тариф гэж байдаг. Энэ тарифаас доогуур үнийн санал оруулж ирвэл сонгон шалгаруулах явцдаа хязгаарлалт хийх ёстой гэж Төрийн худалдан авах агентлагтай санал солилцоод явж байна.
undefined
-2011 оноос хойш манай улс 4 тэрбум ам.долларын орлого олох боломжийг алдсан гэж байна. Одоо хил нөхцөлөөр зараад эхлэхээр үнэ нэмэгдэнэ гэж байгаа ч тээврээ өөрсдөө хариуцахаар энэ ашиг тээвэртээ зарцуулагдчих юм биш үү?
-Ам нөхцөлөөр зарж байгаа тохиолдолд тээврийн асуудлыг худалдан авагч хариуцаж байсан гэж дээр хэлсэн. Харин хил үнээр зарахаар бид тээврээ хариуцаж, манай компаниуд ашиг орлоготой болно. Энэ тээврийн компаниуд Монгол Улсад татвар төлнө. Энэ бол түүхэн шийдвэр. Монгол Улс монголын баялгийг үнэ хүргэж зараад, тээврээ өөрсдөө хийгээд, биржээр нээлттэй зарна.
-“Эрдэнэс Тавантолгой”-д бүрэн эрхт төлөөлөгч томилсноос хойш валютын нөөц нэмэгдсэн гэж хэлээд байгаа. Яг хэдий хэмжээний валют оруулж ирэв?
-Аравдугаар сарын 26-наас хойш хоёр сарын хугацаанд 416.6 сая ам.доллар Монгол Улсад оруулж ирсэн. Мөн өмнө нь авсан 180-аад сая ам.долларын өр барагдуулсан. Тэгэхээр нийт 590 орчим сая ам.долларын валютын арилжаа хийсэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компани үйл ажиллагаагаа нээлттэй болгоод явахад жилд 20-30 сая тонн нүүрс экспортод гаргана. Энэ хэмжээгээр Монгол Улсад орж ирэх валютын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой.
-Одоо компанийн санхүү ямар байна вэ?
-Бид тээврээ жигдрүүлэх, тогтсон ажлаа хэвийн явуулах гээд ажиллаж байгаа. Компани санхүүгийн хувьд ямар нэгэн асуудалгүй байна. Экспортоо нэмэгдүүлж байгаа учраас үүнийг дагаад ашиг орлого ч нэмэгдэнэ. Улсад төлөх татвар, ажилчдын цалин нэмэгдэнэ.
-"Эрдэнэс Тавантолгой" дотоодын зах зээл дээрээс босгосон 400 гаруй тэрбумын бондыг энэ онд төлнө. Энэ өрийг төлөх боломж байгаа юу.  Ер нь танай компани хэдий хэмжээний өртэй байна вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” дөрөвдүгээр сард 420 тэрбум төгрөгийн дотоодоос босгосон бондын төлбөрийг төлнө. Үүнийг “Эрдэнэс Тавантолгой” компани өөрийн мөнгөн хөрөнгөөр төлж чадна. Мөн 2022 оны гуравдугаар сард урьдчилж авсан 603 сая ам.доллар байна. Үүнээс 180 гаруй сая ам.долларын өрийг барагдуулсан. Үлдсэн 430 орчим сая ам.долларын өрийг аль болох хурдан хугацаанд төлөх нь чухал байгаа. Тэгж байж нүүрс зарсан мөнгө Монгол Улсад 100 хувь орж ирнэ. Тэгэхээр нийт 420 тэрбум бондын өр, үүн дээр 430 орчим сая ам.долларыг нүүрсээр төлнө гэсэн үг.
-Иргэдэд ногдол ашиг тараах асуудлыг ярьж байгаа. Ирэх гурав, дөрөвдүгээр сард өгнө гэж байсан. Хэдий хэмжээний ногдол ашиг иргэдэд өгөх вэ?
-“Эрдэнэс Тавантолгой” компанийн санхүүгийн тайланг хоёрдугаар сард эцэслэж гаргана. Үүн дээр аудит оруулна. Дөрөвдүгээр сард компанийн ашиг орлогыг нийтэд мэдээлнэ. Энэ ашгаа яах вэ гэдгээ тусдаа танилцуулна. Засгийн газарт танилцуулна. Ингээд ногдол ашиг тараах эсэх шийдвэрийг Засгийн газар гаргана.
-Ярилцсанд баярлалаа.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн