Open iToim app
Тэд бидний тухай | 3 мин уншина

Asian Times: Монголд болж буй жагсаалаас өнгөт хувьсгалын шинж тэмдэг ажиглагдаж байна

Asian Times: Монголд болж буй жагсаалаас өнгөт хувьсгалын шинж тэмдэг ажиглагдаж байна
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 16
Хонконгийн “Asia Times”-д Монгол Улсад болж буй эсэргүүцлийн жагсаалаас өнгөт хувьсгалын шинж тэмдэг ажиглагдаж байгаа бөгөөд их гүрнүүдийн геополитикийн сөргөлдөөн энэхүү үйл явцыг өрдөж байж болзошгүй гэх агуулга бүхий нийтлэл хэвлэгдсэн байна.
Азийн улс орнуудын улс төр, эдийн засгийн талаар дагнан бичдэг “Asia Times” хэвлэл нь бүс нутгийн хэмжээнд хамгийн ихээр хүлээн зөвшөөрөгдсөн, алдартай хэвлэлүүдийн нэгд тооцогддог.
Тэгвэл Монгол Улсын талаарх уг нийтлэлд Орос-Украины дайн сунчирж, барууны ертөнцтэй хийх манай хөрш орнуудын харилцаа хурцадсанаар манай улс гадаад харилцааны хувьд тун эмзэг байдалд орсон. Минскийн хэлэлцээрийг тодорхойлсон Ангела Меркелийн мэдэгдлийн дараагаар барууны орнуудад итгэх ОХУ-ын итгэл бүрмөсөн үгүй болсон. Эсрэг талд, АНУ болон Европын холбоо дэлхийн улс орнуудыг Москвагийн эсрэг турхирч байгаа нь ОХУ-ын хөрш орнуудыг их гүрнүүдийн сөргөлдөөний талбар болгон хувиргаад байгаа урьдач нөхцөлүүдийг дурдсан юм.
Тухайлбал, манай хойд хөрш Азербайжан болон Армений хилийн маргааны асуудалд гол зуучлагч, энхийг сахиулагчийн үүрэг гүйцэтгэж ирсэн. Гэтэл Европын холбоо Нагорно-Карабахын зөрчилд энхийг сахиулж ирсэн ОХУ-ын монополь байдлыг сорих болсон.
Нөгөө талд, Казахстан ОХУ-аас хамааралтай байдлаа өөрчлөхийг зорьж, барууны хөрөнгө оруулалтыг татахад чиглэсэн олон талт гадаад бодлого хэрэгжүүлж эхэлсэн. Түүнчлэн, Казахстаны элитүүд дунд барууны талын ашиг сонирхлын бүлэглэлүүд аль хэдийн бий болсон. Улмаар Москва Казахстан дахь нөлөөгөө Хятад болон барууны орнуудад алдаж эхэлсэн.
Мөн барууны орнууд Киргизстан болон Тажикстаны хоорон дахь мөргөлдөөнийг өөгшүүлж, Талинбануудад найр тавьж өгөхийг Душанбед уриалж байгаа нь ОХУ-ын аюулгүй байдалд шууд заналхийлэл учруулах болсон. Бишкек болон Душанбегийн өнөөгийн сөргөлдөөн нь 1991 онд ЗХУ задран унасаас хойш Төв Азийн бүс нутагт болж буй хамгийн хурцадмал үйл явц.
Төв Азид барууны орнууд ийнхүү нөлөөгөө өргөжүүлэх болсон нь ОХУ-ын бүс нутаг дахь уламжлалт давамгай байдлыг сорилтод оруулж байна.   
Яг үүнтэй зэрэгцэн Монгол Улсад болж байгаа эсэргүүцлийн жагсаалаас өнгөт хувьсгалын шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа. Тухайлбал, Казахтсан болон Киргизстаны адил олон нийтийн эсэргүүцэл цахим нийгмийн сүлжээнд идэвхтэй явагдаж байна.
Төв талбайд иргэд нүүрсний мафийг эсэргүүцэн жагсаж байгаа ч сошиалд эрх баригчдын хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл явагдаж байна гэх агуулга хүчтэй яригдаж байгаа. Засгийн газрын зүгээс төрийн нууцад байсан есөн гэрээг ил болгож, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэн цаашид ил тод байдлыг хангах амлалтыг өгөх зэргээр шуурхай хариу арга хэмжээ авч чадсан. Мөн УИХ-ын зүгээс түр хороо томилж нүүрсний хулгайн асуудлыг шалгах процессыг эхлүүлсэн.
Хамгийн гол нь, тэсгэм хүйтэнд цугласан олон зуун жагсагчид төрийн ордон руу дайрсан үйл явдал нь 2014 оны Украины төрийн эргэлтийг санагдуулам байлаа. Эсэргүүцлийг өнгөт хувьсгал болгон хувиргах оролдлого одоог хүртэл үргэлжилсээр байна.
Геополитикийн өнцгөөс харвал нэг талдаа, Монгол Улс нь барууны хоригт орсон ОХУ болон АНУ, Европын холбоотой сөргөлдөх болсон БНХАУ-ын хэн хэнийх нь язгуур эрх ашиг давхацдаг улсуудын нэг. Мөн 2024 онд Монгол Улсын газар нутгаар дайран өнгөрөх Орос-Хятадыг холбосон, жилд 50 тэрбум куб метр байгалийн хий дамжуулах хүчин чадалтай “Сибирийн хүч-2” хоолойг байгуулах төсөл эхлэхээр яригдаж байгаа. Монгол-Орос-Хятадыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудал зэрэг нь Монгол Улсын геополитикийн үнэ цэнийг улам өсгөж байгаа.
Нөгөө талд, Монгол Улс нь Хятадын “Бүс ба зам” санаачилгад оролцогч, ирээдүйн ОХУ-ын эрчим хүчний экспортыг дамжин өнгөрүүлэгчийн дээр уул уурхайн асар том ордууд, газрын ховор элементийн нөөцтэй зэрэг их гүрнүүдийн бүх хурцадмал сөргөлдөөний гол элементүүд бүхий улс.
Тиймээс барууны орнууд Монгол Улсыг хоёр хөршийн тойрог замаас гаргахын тулд чадах бүхнээ хийх болно. Монгол Улс геополитикийн хувьд их гүрнүүдийн сөргөлдөөний талбар болж болзошгүй маш эзмэг нөхцөл байдал байгааг онцолжээ.
Эх сурвалж: Asia Times
Life is confusing at this point...
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн