Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны хурал өнөөдөр Туушин зочид буудалд болж байна.
Хуралд Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа, Сангийн сайд асан С.Баярцогт, Тагнуулын Ерөнхий Газрын дарга асан Б.Хурц, БШУ-ны сайд асан Л.Гантөмөр зэрэг хүн оролцохоор иржээ.
Үндэсний Бодлогын Хорооных энэ удаагийн хурлаар АН-ын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэх аж. Шинэ дүрмээ баталсны дараа АН-ын даргыг сонгох сонгуулийг энэ сарын 18-нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр АН-ын гишүүн Л.Гантөмөр, Л.Гүндалай нар намын даргад нэрээ дэвшүүлнэ гэдгээ илэрхийлэв.
АН-ын гишүүн Л.Гүндалай: ҮБХ-ны энэ хурлаас намын даргаа сонгох журмаа батална гэж ойлгосон. Би АН-ын даргад өрсөлдөнө. "Ард түмнээ хайрлая" намын гишүүнчлэлээсээ гарсан. Хоёр жилийн өмнө С.Эрдэнэ даргатай АН-ын даргад нэр дэвшээд М.Тулгат гэж залууд ялагдаж байсан. Одоо бодохоор инээд хүрээд байдаг юм.
АН-ыг ялалтад хүргэх хүн хэрэгтэй. Ард түмний итгэлийг авч, АН-ыг ялалтад хүргэж, Монголын нийгмийг өөрчилж, хулгай, луйвар, шударга бус байдлаас салгах улс төрийн хүчин, удирдагч Монголд хэрэгтэй. Би аль нэг фракцад байдаггүй. Хоёр хуваагдаад байгаа хоёр талын алинд нь ч ордоггүй. АН-ыг ядарч явахад би тэмцэж энэ намыг ялалтад хүргэж байсан түүхтэй. Өөрийнхөө боловсрол, мэдлэг, туршлагыг харахад би энэ намыг ялалтад хүргэж чадна гэж бодож байна. Би удаа дараа намын даргад нэр дэвшээд унаж байсан. Үүндээ гутардаггүй. Учир нь намайг нэр дэвшихэд дандаа шударга бус зүйл тохиолддог. Хэзээ нэгэн цагт ялж, намын дарга болно гэдэгтээ итгэлтэй байна. АН-ын дарга зүгээр хэн нэгэн хүн байж болохгүй. Өөрчлөх, шинэчлэх, мэдлэг чадвартай хүнийг шаардаж байна. Тиймээс АН-ын гишүүд намайг дэмжинэ гэж итгэлтэй байна.
Л.Гантөмөр: Намын даргад өрсөлдөж, ялна
АН-ын гишүүн Л.Гантөмөр: Би намын даргад нэрээ дэвшүүлнэ. Би намын даргын сунгаанд ялна. Өнөөдөр намын дарга сонгох журмаа батална. АН-ын бүлгээс санаачилга гаргаад 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ойлголцлын ажлын хэсэг байгуулсан. Хоёр талаас ажлын хэсэгт багтсан. ҮБХ-ны ирц бүрдсэн. Тиймээс ҮБХ-оос асуудлаа яриад шийднэ гэдэгт эргэлзэхгүй байна. Намын даргаа бүх гишүүдийнхээ дундаас сонгодог. Бүх гишүүдийнхээ дундаас даргаа сонгохоор гишүүд хагараад байна. Тиймээс намын төв байгууллага нь сонгоод өг гэдэг санал гаргасан. Энэ нь гишүүдээ, намаа хагалахгүй.