Open iToim app
Банк, санхүү | 2 мин уншина

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлж 13 хувьд хүргэв

Б.Лхагвасүрэн: Мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлж 13 хувьд хүргэв
Нийтэлсэн 2022 оны 12 сарын 16
Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцууллаа.
Тэрээр "Энэхүү хурлаар эдийн засаг банк санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчныг харгалзан мөнгөний бодлогын хүүг нэг нэгжээр нэмэгдүүлж 13 хувьд хүргэх шийдвэрийг гаргалаа. Есдүгээр сарын хурлаар хоёр нэгж хувиар өсгөж байсан бол энэ удаа багасгасан. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахдаа зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзсэн болно. Гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа нь дэлхийн эдийн засгийн богино болон дунд хугацааны төлөвт сөргөөр нөлөө үзүүлж байна. Тухайлбал, дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч эрдэс түүхий эдийн үнэ бууран гадаад орчны эрсдэл нэмэгдсээр байгаа. Геополитикийн хямралаас үүдэлтэй эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ, түлш эрчим хүчний хямрал олон оронд нүүрлэсэн зэрэг нь глобал эдийн засгийн өсөлтийг муутгах гол хүчин зүйл болж байна.  
Манай улсын худалдааны гол түнш хөрш оронд тэг ковид бодлого үргэлжилсээр байна. Мөн БНХАУ-д үл хөдлөх хөрөнгийн зах зээл даамжран эрсдэл нэмэгдсэн байдалтай байна. Дэлхий нийтээр үнийн өндөр өсөлттэй тэмцэж, томоохон эдийн засагтай хөгжингүй улсууд хүүгээ огцом нэмж байгаа нь бусад улс орнууд бодлогын хүүгээ нэмэх дарамтыг бий болгож байна. Дотоод эдийн засгийн идэвхжил хүлээлтээс давж, энэ оны эхний гурван улирлын байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад эдийн засаг 3.7 хувиар тэлээд байна. Эдийн засгийн идэвхжил нэмэгдэж бодит дотоодын нийт бүтээгдэхүүн арван улирлын дараа цар тахлын өмнөх үе болох 2019 оны түвшнийг давлаа. Энэ нь цар тахал болон геополитикийн хүндрэл манай эдийн засагт 2-3 жилийн хугацааны алдагдлыг үүсгэснийг харуулж байна. Хөдөлмөрийн зах зээлд эерэг өөрчлөлтүүд давамгайлж байгаа нь өрхийн хэрэглээ тогтвортой өсөхөд дэмжлэг болж байна. Энэхүү эдийн засгийн өсөлтийн гүйцэтгэл өндөр гарсантай уялдуулан 2022 оны өсөлтийн төлөвийг дөрвөн хувь болгон нэмэгдүүллээ. Гэхдээ эдийн засгийн цаашдын төлөв БНХАУ-ын тэг ковид бодлого, хилийн боомтуудын нөхцөл байдал, төлбөрийн тэнцлийн алдагдал, экспортын бодитой орлого, инфляц зэргээс ихээхэн хамааралтай байгаа гэдгийг онцлох хэрэгтэй. Инфляц 2022 оны арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 14.5 хувьтай гарсан. Гурил гурилан бүтээгдэхүүн, сүү сүүн бүтээгдэхүүн зэрэг дотоодын хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас нэмэгдсэн нь инфляц өмнөх сараас өсөхөд голлон нөлөөллөө. Монголбанкны одоогийн суурь төсөөллөөр инфляц цаашдаа үргэлжлэн буурсаар ирэх оны эцэс гэхэд нэг оронтой тоонд хүрнэ гэсэн төсөөлөл хийгдсэн” гэлээ.  
Төв банкууд инфляцын эсрэг бодлогын хүүгээ өсгөж мөнгөний бодлогоо чангатгах алхам хэрэгжүүлэх болсон. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сан энэ онд бодлогын хүүгээ долоон удаа нэмж, 4.5 хувьд хүргэсэн. Цаашид ч өсгөхөөр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Хамгийн сүүлд, Их Британи, Швейцар, Австрали улсууд мөнгөний бодлогоо чангатгах арга хэмжээ аваад байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн