“The Diplomat” сэтгүүлд хэвлэгдсэн Азийн судалгааны хүрээлэнгийн судлаач Елена Гордилло Фуэртесын Улаанбаатар хотын агаарын бохирдлын нөлөө, утааг бууруулах урт хугацааны бодит шийдлийн талаар өгүүлсэн нийтлэлийг эмхэтгэн хүргэж байна.
Монгол Улсын хүн амын тал хувь нь буюу 1.5 сая хүн нийслэл Улаанбаатар хотод амьдардаг. Харьцангуй цөөн хүн амтай ч энэ хот дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэгд тооцогддог. Энэ өвөл ч мөн адил тийм л байна.
Тухайлбал, арванхоёрдугаар сарын 1-ний өдрийн байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 169 болж, агаар дахь нарийн тоосонцор “PM2.5”-ын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 18 дахин өндөр буюу хүний “эрүүл мэндэд хортой” түвшинд байв. Тэгвэл нийслэлийн агаарын чанар арванхоёрдугаар сарын 1-нээс хойш өнөөдрийг хүртэл найман өдрийн турш хүний “эрүүл мэндэд хортой” түвшинг заав.
Улаанбаатар хот нь дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Өвлийн улиралд цаг агаар ихэвчлэн цельсийн -20 хэмээс доош байдаг. Нийслэлийн иргэдийн дийлэнх нь гэр хороололд амьдардаг. Тэдгээрийн ихэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд бөгөөд гэр хорооллын дулааны сүлжээнд холбогдоогүй айлууд нүүрс түлж, гэрээ дулаацуулдаг нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол шалтгаан болдог.
Дээр нь, Улаанбаатар хот Туул голын эрэг дагуух Богд уулын хөндийд нам доор газар оршдог. Хотын энэхүү газарзүйн тогтоц нь хотын дээгүүр дулааны урвуу давхарга үүсгэж, утаа агаарын бохирдлыг тогтоон барьдаг.
Улаанбаатарчууд өвөл бүр хорт агаараар амьсгалдаг энэ үзэгдэл нь “чимээгүй хүчирхийлэл” юм. Колумбын их сургуулийн профессор Роб Никсон 2011 онд хэвлүүлсэн хүрээлэн буй орчны доройтол, хүний оролцоотой цаг уурын өөрчлөлт нь нийгмийн эмзэг, гадуурхагдсан бүлгүүдэд хэрхэн нөлөөлж байгааг харуулсан “Slow Violence and the Environmentalism of the Poor” номондоо энэхүү нэр томъёог ашигласан байдаг. Хүчирхийлэл шууд, хүч хэрэглэсэн, хүний нүдэнд ил байдлаар болдог гэх нийтлэг ойлголтоос ялгаатай нь нийгэм, эдийн засаг, төрийн бүтцээр дамжуулан авдаг хүний үндсэн хэрэгцээ хангагдахгүй байх үед “чимээгүй хүчирхийлэл” үүсдэг.
Сөрөг нөлөө шууд байдлаар үзэгдэхгүй боловч цаг хугацааны явцад аажмаар хор хөнөөл учруулдаг. Тиймээс агаарын бохирдол нь “чимээгүй хүчирхийлэл”-ийн сонгодог жишээ юм.
Улаанбаатарын агаарын бохирдлын хор хөнөөл хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлсээр байна. Тухайлбал, Монгол Улсад тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын зонхилох шалтгааны хоёрт уушгины хатгалгаа ордог. Улаанбаатар хотод амьдардаг хүүхүүдийн дунд уушги, амьсгалы замын тогтолцооны өвчлөл хөдөө орон нутагт амьдардаг хүүхдүүдтэй харьцуулахад 40 хувиар өндөр байдаг. Мөн агаарын бохирдол нь Монгол Улсад өвлийн улиралд жирэмсний хэвийн төрөлт буурах болсон гол шалтгаануудын нэг юм.
Хэдий Монгол Улсын Засгийн газар эрүүл мэндийн энэхүү тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тууштай арга хэмжээнүүд авсан ч үр дүнд хүрсэн эсэх нь эргэлзээтэй. Засгийн газар 2019 оны тавдугаар сард түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргаж, сайжруулсан шахмал түлшийг нэвтрүүлсэн. Уг бодлого нь Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдвэрлэх цорын ганц шийдэл гэж найдаж байв. Гэвч урт хугацааны үр өгөөж нь олон нийтийн дунд маргаан дагуулсаар ирсэн.
Цаг агаар ирэх саруудад улам хүйтрэх төлөвтэй байгаа тул Улаанбаатар хотын агаар дахь “PM2.5” тоосонцрын хэмжээ ДЭМБ-аас тогтоосон зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин их хэмжээнд хүрэх магадлалтай байна. Түүхий нүүрс түлэхийг хориглож, сайжруулсан түлш нэвтрүүлсэн нь агаарын чанарыг сайжруулахад зайлшгүй шаардлагатай алхам болох нь эргэлзээгүй.
Гэхдээ Монгол Улс дахь агаарын бохирдол нь ядуурал, тэгш бус байдлын тогтолцооноос үүдэлтэй. Дээр нь, нийгмийн хамгийн ядуу, эмзэг бүлэг чимээгүй хүчирхийлэлд хамгийн ихээр өртдөг. Тиймээс ядуурлыг бууруулж, гэр хорооллыг дулааны эрчим хүчний дэд бүтцээр хангах нь Улаанбаатар хотын агаарын чанарыг эрүүл түвшинд хүргэж, сайжруулах хамгийн бодит алхам юм.