Ардчилсан намынхан өнгөрсөн баасан гаригт Үндэсний бодлогын хорооны хурлаа хийж, намын даргаа энэ сарын 19-нд сонгохоор болсноо мэдэгдэв. Эвлэрлийн ажлын хэсэг гарч, үр дүнд нь Үндэсний бодлогын хорооны хурлаа хийсэн нь энэ.
Тус хуралд хоёр хуваагдаад байсан талын Үндэсний бодлогын хорооны гишүүд бүгд оролцсон гэж мэдэгдэж байсан ч С.Эрдэнэ тухайн өдөр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ба Тэгш бус байдлыг арилгах нь” сэдэвт үндэсний зөвлөгөөнийг МҮЭСТ-ийн их танхимд зохион байгуулсан юм. Үүнээс харахад, Дээд шүүхэд бүртгэлтэй тамгыг атгаж байгаа С.Эрдэнэ эвлэрлийн хуралд оролцсонгүй, АН-ын эвлэрэл энэ удаад ч бүтэлгүйтэх бололтой.
Ардчилсан нам түүхэндээ гурван удаа намын даргаа бүх гишүүд дундаасаа сонгож байсан. Хамгийн сүүлд бүх гишүүд нь санал нэгтэйгээр сонгосон дарга нь С.Эрдэнэ. Мөн С.Эрдэнэд байгаа тамга, түүгээр баталгаажсан Үндсэн дүрэм нь АН-ыг албан ёсных гэсэн Дээд шүүхийн шийдвэр бий. С.Эрдэнэ 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хариуцлага хүлээж, намын тамгыг Ц.Туваан гишүүнд хүлээлгэж өгч байв. Энэ л Арчдилсан намын олон жил үргэлжилсэн хагарал, хуваагдлын эхлэлийг тавьсан. Үүнээс хойш Ардчилсан нам хэд хэдэн удаа намын даргаа шинээр сонгож, Үндсэн дүрмээ шинэчлэн баталж, Дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтээ өгсөн ч бүртгэхээс татгалзсан. Учир нь АН хоёр талд Их хурал хийж, хоёр намын дарга, хоёр Үндсэн дүрэм бүртгүүлэхээр Дээд шүүхэд хандсан. Тиймээс Дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, одоо С.Эрдэнэд буй тамга, түүгээр баталгаажсан Үндсэн дүрэм нь АН-ыг албан ёсных гэсэн Дээд шүүхийн шийдвэр нь хүчинтэй хэвээр байгаа. Тэгэхээр энэ сарын 19-нд Ардчилсан нам намын даргаа сонгож, Дээд шүүхэд хандсан ч С.Эрдэнэ нар хүлээн зөвшөөрөхгүй, санал нэгдэхгүй бол Дээд шүүх мөн л бүртгэхээс татгалзаж таарна. Учир нь дээд шүүх АН-д нэг намын дарга, нэг намын үндсэн дүрэм өгөх шаардлагыг тавьж буй. Дээд шүүхийн энэ шаардлагыг хангаж чадалгүй АН гурав дахь жил рүүгээ орлоо. С.Эрдэнийн энэ үйлдэл ганц АН-д, намын олон мянган дэмжигч биш, Монголын ардчилалд асар их хар толбо үлдээж байгаа. Тэр Ардчилсан намыг, Дээд шүүхэд бүртгэлтэй намын тамга, дүрмийг олон жил ганцаараа эзэмшсэн балгаар өнөөдөр АН хоёр биш гурав хуваагдаж, намын даргаа дахин сонгож, Дээд шүүхэд бүртгүүлж чадахгүй байсаар дараагийн сонгуультай золгох нь. Нам нь учраа олохгүй байгаа учраас Их хуралд байгаа 11 гишүүнтэй бүлэг нь ч хуваагдаж, гишүүд нь намын даргын өрөөгөө булаацалдан хоорондоо зодолдож, нийгмээр нэг доог тохуу болсон. Хэрвээ С.Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тамгаа өгөөд явахдаа эргэж ирэхгүй, дахин М.Тулгатыг намын даргаар сонгож, Дээд шүүхэд хандаагүй бол Ардчилсан нам өнөөдөр ийм байдалтай байхгүй байсан биз. Энэ удаад ч тэр эвлэрлийн ажлын хэсэг байгуулж, үүний үр дүнд хийсэн Үндэсний бодлогын хорооны хурлыг ч хүлээн зөвшөөрч, оролцсонгүй. Ер нь С.Эрдэнэ яваагүй цагт АН босохгүй нь. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ явж байж л АН нэгдэж чадна гэдгийг өнгөрсөн хоёр жилийн үйл явдал баталлаа.