Засгийн газар таван жилийн хугацаатай /2028 онд хугацаа нь дуусах/ 8.65 хувийн хүүтэй, 650 сая ам.долларын бонд босгосон билээ. Уг бондоор 2023 оны тавдугаар сард хугацаа нь дуусах Гэрэгэ бонд, 2024 онд хугацаа нь дуусах Хуралдай бондыг дахин санхүүжүүлэх юм. Засгийн газрын шинээр босгосон бонд манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар эдийн засагч Б.Лакшмитай ярилцлаа.
-Засгийн газрын өрийн тааз туллаа гэж байсан ч дахин бонд босголоо. Бонд босгохоос өөр арга Засгийн газарт байхгүй байв уу. Шинээр босгосон бонд эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ?
-Засгийн газар шинээр босгосон бондоор Гэрэгэ бондын өрийг төлнө. Өмнө нь Гэрэгэ бондыг босгохдоо мөн л өмнөх өрийг дарахын тулд босгож байсан. Өөрөөр хэлбэл, хойд хормойгоороо урд хормойгоо нөхсөн байдалтай явна. Эдийн засгийн өсөлт саарсан, валютын нөөц буурсан өнөөгийн нөхцөл байдалд зөвхөн дотоодын бонд босгох боломжтой байлаа. Нөгөө талаар Засгийн газар бонд босгохгүйгээр хугацаа нь тулчихсан бондын эргэн төлөлтийг хийх ямар ч боломжгүй байсан.
Бид санхүүгийн сахилга бат гэдэг зүйлийг чухалчилж үзэх шаардлагатай байна. Гэрэгэ, Хуралдай бондыг төлөх асуудал нь гэнэт гарч ирээгүй. Төлөх нь ойлгомжтой байсан. Төлөхийн тулд төлөвлөгөө гаргаад, нөөцөө бүрдүүлээд явах боломжтой байлаа. Даанч санхүүгээ сахилга баттай байлгаж, өрөө төлөхөд арга хэмжээ аваагүй нь харагдаж байна. Гэрэгэ бондыг олон улсын зах зээлээс босгосон учир гадаад валютаар төлнө гэсэн үг. Засгийн газрын босгосон бонд нь дотоодын зах зээлээс босгосон учир төгрөгийн бонд. Энэ бондыг хөрвүүлж байж төлнө. Тэгэхээр ханшийн зөрүүний эрсдэлийг үүрнэ гэсэн үг юм. Ханшийн зөрүүний алдагдал гэж том зүйл бий. Өнгөрсөн жилүүдэд бид хүүгийн төлбөрийг дандаа гадаад валютаар төлж байсан. Тэгэхээр төгрөгийн сулрал, инфляц нь бондын эргэн төлөлтөд шууд нөлөөтэй. Алдагдсан боломж шүү дээ.
-Бонд босгож, хөрөнгө оруулалт татаж томоохон төслүүдээ санхүүжүүлдэг. Гэвч манай улс өрөө дарахын тулд бонд босгодог энэ байдлаас гарах боломж бий юү?
-Чингис бондын эргэн төлөлтийг хийхийн тулд Гэрэгэ бондыг босгож байсан. Одоо Гэрэгэ бондыг төлөхийн тулд шинэ бонд босгож байна. Өөрөөр хэлбэл, манай улс хамгийн анх Чингис бондыг босгож, Засгийн газар томоохон өртэй болж байлаа. Тухайн үед энэ бондыг буруу зарцуулснаас одоо хүртэл өрийг өрөөр дарж байна. Чингис бондын санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрөөс дорвитой эргэн төлөлт хийгдээгүй, хийгдэх ч боломжгүй. Дандаа зам засварлах, барих эсвэл жижиг төслүүдийг санхүүжүүлсэн. Өнгөрсөн жилүүдэд төлбөр хийж байна гээд байсан боловч зөвхөн хүүг нь л төлөөд яваад байсан юм. Шинэ бонд босгоод л хүү төлдөг. Санхүүгээ сахилга баттай болгоход дорвитой арга хэмжээ авахгүй бол бид энэ байдлаасаа гарч чадахгүй. -Сангийн сайд 2024 он хүртэл бонд босгохгүй гэж амласан. Боломжтой юу?
-Энэ жилдээ л бонд босгохгүй гэсэн үг шүү дээ. 2024 онд бол дахиж бонд босгохоос өөр аргагүй. Эсвэл Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлээд, тэрнийхээ дараа олон улсын зах зээлээс бонд босгохоор харагдаж байна. Учир нь, дараа дараагийн жилд төлөгдөх бондын хэмжээ өндөр байгаа шүү дээ.
-Бондыг бондоор солихдоо өмнөх бондоосоо урт хугацаатай, хүү багатай байх зарчим баримталдаг шүү дээ. Энэ удаагийн босгосон бонд энэ зарчимд нийцэх үү?
-Ямар хүүгээр бондоо босгох нь тухайн орны зээлжих зэрэглэлээс хамаардаг. Дэлхийд S&P, Fitch, Moody’s гээд гурван том байгууллага зээлжих зэрэглэлийг тогтоодог. Хэрэв манай улс зээлжих зэрэглэл сайтай байсан бол урт хугацаатай, хүү багатайгаар бонд босгох байсан. Харамсалтай нь, манай зээлжих зэрэглэл хангалттай хэмжээнд биш учир өндөр хүүтэй бонд босгодог.
Үүнээс гадна бидний анхаарах ёстой нэг зүйл бий. Бонд босгохын тулд зүгээр л байж байгаад босгодоггүй. Бонд босгох зардал гэж маш их хэмжээний төлбөр төлдөг. Энэ зардал нь эргээд алдагдсан боломж болж хувирдаг.
-Гэрэгэ, Хуралдай бондын нийт төлбөр 1.1 тэрбум доллар. Үүний 650 сая долларын дахин санхүүжүүлж, үлдэгдэл 450 сая долларыг төсвөөс төлнө гэсэн. Бид төлөх чадамжтай юу?
-Үлдэгдлийг нь төсвөөс гаргах боломжгүй. Гэхдээ Засгийн газрын найдаж буй хоёр зүйл бий. Нэгд, нүүрсний экспортын өсөлт. Хоёрт, төмөр замын холболтоо хийчихвэл тээвэрлэлт хоёр дахин нэмэгдэнэ. Гэвч энэ жил дэлхийн эдийн засаг онцлогтой байгаа. Дэлхийн томоохон эдийн засаг буюу АНУ, Европ, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт бага байна. Манай гол түүхий эд болох нүүрсийг БНХАУ худалдаж авдаг. БНХАУ-ын эдийн засаг өсөхгүй, саарвал нүүрс худалдан авах нь багасна.
Мөн манай улс Азийн дэд бүтцийн хөгжлийн банкнаас зээл авч байгаа. Азийн дэд бүтцийн хөгжлийн банкны гол санхүүжүүлэгч нь БНХАУ. Энэ зээлээр төсвийн алдагдлыг нөхөж, гадаад валютын нөөцөө өсгөх юм билээ. Үүнтэй холбоотойгоор гадагшаа төлбөр төлөхөд төгрөгийн ханш суларна. Төгрөгийн ханшийн сулралаас сэргийлж гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай.
-Ер нь манай улс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах уу. Сангийн сайд дефолт болох эрсдэлээс бүрэн гарсан,төсвийн үзүүлэлтүүд сайжирч байна, эдийн засгийн хүндрэл багасч байна гэж мэдэгдсэн...?
-Уг нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах цаг, нөхцөл нь болсон ч хамрагдахгүй байна. Шалтгаан нь сонгуулийн жил дөхөж буйтай холбоотой. 2024 онд УИХ-ын сонгууль болно. ОУВС-ийн хөтөлбөр наад зах нь 3-4 жил үргэлжилдэг. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар санхүүгийн хатуу хяналтад орох учир эрх баригчид сонгуулийн жилд дураараа дургих боломжгүй болно. Тиймээс хөтөлбөрт хамрагдахгүй болов уу.