ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин "Оросын үнэн алдартны Христийн мэндэлсний баяр"-тай холбогдуулан Украины фронтын бүсэд 36 цаг гал зогсоох тушаалыг Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуд өглөө. Гал зогсоох ажиллагааг Москвагийн цагаар баасан гаригийн 12:00 цагт эхлүүлэхээр төлөвлөж буй аж.
Оросын үнэн алдартны сүм Жулиан хуанлийн дагуу нэгдүгээр сарын 7-нд Зул сарын баярыг тэмдэглэдэг. Ерөнхийлөгч Путин хурцадмал байдлыг намжааж байгаадаа биш, харин Оросын үнэн алдартны сүмийн тэргүүний уриалгыг сонссоныхоо дараа цэргүүддээ байлдааны ажиллагааг зогсоохыг тушаасан гэдгийг Кремлийн мэдэгдэл онцолжээ.
Кремлийн мэдэгдэлд “Кириллийн уриалгыг харгалзан Ерөнхийлөгч ОХУ-ын Батлан хамгаалахын сайдад 36 цагийн турш Украины нутаг дэвсгэрт бүх байлдааны шугамын дагуу гал зогсоох дэглэм тогтоохыг даалгаж байна” гэжээ. Мөн Путин зарлигтаа Украиныг хариу арга хэмжээ авахыг уриалсан бөгөөд ингэснээр дайны мөргөлдөөн болж буй бүс нутагт оршин суудаг олон тооны үнэн алдартны шашинтнууд Зул сарын баярыг баасан, бямба гаригт тэмдэглэх боломжтой болно гэжээ.
Гэвч Украины ерөнхийлөгч Зеленский ОХУ Эвлэрлийн гэрээ ярьж, түр гал зогсоох гэж байгаа нь Донбассын зүүн бүс дэх Украины довтолгоог зогсоож, илүү олон хүн, техник авчрахын тулд халхавч болгон ашиглахыг оролдож байна" гэж мэдэгджээ. Мөн Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба хэлэхдээ, "ОХУ, тэр дундаа Ерөнхийлөгч Путин Украины Ерөнхийлөгч Зеленскийгийн энх тайвны төлөөх саналыг удаа дараа үл тоомсорлосон. Шинэ жилийн өмнөх өдөр Оросууд Херсон хотыг их буугаар буудаж, цохилт өгсөн. Тиймээс Москва шашны баяр ёслолын үеэр байлдааны ажиллагаагаа зогсоож чадах эсэхэд эргэлзэж байна" хэмээн онцолжээ.
Энэхүү гал зогсоох үйл ажиллагааны талаар АНУ-ын Ерөнхийлөгч Жой Байден "Энэ бол Путины цаг хожих гэсэн л оролдлого" гэжээ.