Open iToim app
Хөндөх сэдэв | 3 мин уншина

​М.Алтанбагана: Таван эрэмбийн хот байгуулж байж төвлөрөл, түгжрэл буурна

​М.Алтанбагана: Таван эрэмбийн хот байгуулж байж төвлөрөл, түгжрэл буурна
Нийтэлсэн 2023 оны 1 сарын 8
Төрийн ордонд болсон "Гарц, шийдэл” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга М.Алтанбагана төвлөрөл сааруулах, түгжрэл бууруулах нутаг дэвсгэр зохион байгуулах талаар илтгэл хэлэлцүүллээ. Түүний илтгэлээс зарим санааг тоймлон хүргэж байна.
-Монгол Улсын 21 аймаг, нийслэлийг аваад үзэхэд орлоготой амьдрах, чанартай боловсрол эзэмших, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж нь зөвхөн Улаанбаатар хотод байна. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутаг хүний хөгжлийг дэмжих сонголт, боломж төдийлөн байхгүй, хомс.  
-Хөдөө орон нутгаас хол биш, Улаанбаатар хоттой өрсөлдөхүйц хоёр дахь эрэмбийн хотыг өнгөрсөн 30 жилд байгуулсангүй. Улаанбаатарт буй төвлөрлийг сааруулахад хаана, ямар хот байгуулах нь чухал байна. Нутаг дэвсгэрийн хувьд нийгмийн хөгжлийн ялгаа бий болсон. Үүнийг бууруулах арга бол орон зайн зохион байгуулалт, бүсчилсэн хөгжлийн төлөвлөгөө юм.  
-2020 онд 40 мянган иргэн шилжиж ирсэн. Учир нь, нийслэлийн Засаг даргын захирамжаар шилжих хөдөлгөөнийг түр хориглоод байсан. Энэ захирамж цуцлагдангуут харьяаллаа шилжүүлж, нүүж ирсэн. Тэднийг насны бүтцээр авч үзвэл, 38 хувь нь 20-34 насны залуус хүүхдүүдтэйгээ ирж байна.  
-Өнгөрсөн хугацаанд 500 мянган иргэн шилжиж ирсэн. Энэ нь таван аймгийн хүн амтай тэнцэх үзүүлэлт юм. Улаанбаатар хотын хүн амын 46 хувь нь хөдөө, орон нутгаас шилжиж ирсэн. Есөн хүн тутмын нэг нь оюутан байна. Энэ тоо улам л тэлсээр байх болно. Харин Улаанбаатарт ирүүлэхгүй байх, одоо байгаа төвлөрлийг бууруулах нь нэн тулгамдсан асуудал юм.
-1963 онд нийт хүн амын 60 хувь нь хөдөө, орон нутагт амьдарч байсан. Өөрөөр хэлбэл, 1963 онд хот суурин газар 40 хувь нь л амьдардаг байлаа. Гэтэл одоо нийт хүн амын 70 хувь нь хот суурин газатр амьдарч байна. 2045 онд манай улсын хүн амын 80 хувь нь зөвхөн хот суурин газар амьдрах сөрөг үр дагавар харагдаж буй юм.  
-Таван эрэмбийн хоттой болох хэрэгтэй. Нэгдүгээр эрэмбэ нь улсын нийслэл Улаанбаатар хот. Хоёрдугаар эрэмбэ нь хөгжлийн стратегийн төв хот. Гуравдугаар эрэмбийн хот мөн орон нутгийн түвшинд хоёр хоттой байя гэсэн саналыг гаргаж байна. Ийм олон эрэмбийн, чиг үүргийн хоттой байх нь эдийн засгийн газар зүйн ялгаатай бодлогыг хэрэгжүүлэх суурь болно.  
-Аль болох хүн амыг орон нутаг руу татах суурь орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Тиймээс таван эрэмбийн хот байгуулж, энэ хотуудад боловсрол, эрүүл мэнд, үйлдвэрлэлийн гол гол төвүүдийг байгуулъя. Их, дээд сургуулиудыг тэнд байгуулъя. Энэ хотуудад эдийн засгийн чөлөөт бүс, олон улсын боомт, тээвэр ложистикийн төв, аялал жуулчлалын кластер, онгоцны буудал байгуулах хэрэгтэй юм. 
-Эдийн засаг, дэд бүтцийн газар зүйн кластер холболтыг хийхгүй бол ганцхан боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулаад, ганцхан хот байгуулаад, эрх зүйн хувьд өөрчлөөд төвлөрөл саарахгүй. Бүгдийг цогцоор хийж байж төвлөрөл саарна. 
Э.Саруулдөл нь iToim.mn сайтад 2020 оноос сэтгүүлчээр ажиллаж байна. Тэрээр улс төр, нийгмийн чиглэлээр дагнан бичдэг. Сэтгүүлч мэргэжилтэй, салбартаа гурав дахь жилдээ ажиллаж байна.
itoim-facebookSaruul_dul-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн